Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Австрали, Шинэ Зеланд доллар-өгөөж илүүтэй валютууд

Posted by gegeenblue@yahoo.com on February 27, 2009

From: http://www.tdbm.mn/

Дэлхийн эдийн засгийн голлох бүтээгдэхүүний өнгөрөгч долоо хоногийн тойм мэдээлэл /2009.02.09-2009.02.15/

Валютын зах зээл

Долоо хоног эхлэхэд ам.долларын ханш еврогийн эсрэг унаж сүүлийн хоёр долоо хоногийнхоо доод түвшинд хүрсэн. Зах зээлд оролцогчид өгөөж илүүтэй валютууд болох Австрали, Шинэ Зеланд долларлуу хөрөнгө оруулах болсон нь уг валютуудын ханшийг өсгөхөд ихээхэн түлхэц болсон. Шинжээчдийн таамаглаж байгаагаар АНУ-ын засгийн газраас банкууддаа дахин санхүүжилтийг өгвөл эрсдэл багатай доллар, иенийг авч байсан хөрөнгө оруулагчид эргээд дээрх валютуудыг зарах болно гэсэн. Энэ өдөр еврогийн ханш долларын эсрэг 0,6%-р өсөж 1,3014 болсон бол иений эсрэг мөн адил чангарч 119,02-д хүрсэн. Австрали долларын ханш 0,7%-р өсөж 0,6803 болсон бол Шинэ Зеланд долларын ханш 1,4%-р чангарч 0,5391-т хүрч өдрийн хаалтын ханш нь тавигдсан байна. Английн фунтын хувьд энэ өдөр 1,4907 болж 0,7%-р өссөн нь томоохон банк Barclays Plc-ын өнгөрсөн оны ашиг таамаглаж байснаас өндөр гарсан нь нөлөөлсөн.
Мягмар гарагт АНУ-ын зүгээс банкууддаа дахин санхүүжилт олгох асуудал хэдий шийдвэрлэгдсэн ч хямралаас гарахад хангалттай байж чадахгүй гэсэн мэдээ гарсны дараа ам.доллар, иений ханшууд эргээд чангарч хөрөнгө оруулагчид эрсдэл багатай гэж үзэж буй хоёр валютыг авах эрэлт нэмэгдсэн. Долларын ханш иений эсрэг 1,3%-р унаж 90,30 болсон бол еврогийн ханш долларын эсрэг 1%-р доошилж 1,2877, иений эсрэг 2,3%-р суларч 116,28 –д хүрч арилжаалагдсан байна. Мөн долларын ханш Австрали, Шинэ Зеланд долларуудын эсрэг огцом чангарч 4,4%-р Австрали, 3,8%-р Шинэ Зеланд долларын эсрэг тус тус өссөн. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах дээр хувьцааны үнэ унахад ам.доллар болон иенийг буцаан худалдан авч байгаа байдал сүүлийн үед ихээхэн ажиглагдах болсон. Мөн АНУ-ын сенат эдийн засгийг сэргээх 838 тэрбум долларын төслийн дэмжсэн явдал хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө татахгүй байх нөхцөл болж өгч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.
Лхагва гарагт Английн төв банкны тайланд тус улсын эдийн засагт инфляци огцом буурч байгаа мэдээ гарсан нь фунтын ханш унахад гол нөлөөлсөн үйл явдал боллоо. АНУ-ын засгийн газраас эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг конгрес болон төлөөлөгчдийн танхимаас батлахаар тохирсон талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэ нь ам.долларын ханшийг иений эсрэг чангарахад хүргэсэн ч еврогийн эсрэг төдий өөрчлөлт гарсангүй. Долларын ханш иений эсрэг 90,75-д хүрч өсч байсан бол еврогийн эсрэг 1,2895 орчимд тогтвортой арилжаалагдсан. Харин Английн фунтын ханш долларын эсрэг 1,4383 болж 0,9%-р унасан.
Пүрэв гарагт зах зээлд ам.доллар ханш чангарч еврогийн эсрэг сүүлийн арван өдрийн хамгийн өндөр түвшинд хүрсэн ба АНУ-ын засгийн газраас хямралыг давах талаар авч явуулах арга хэмжээнүүд үр дүн багатай байх болно гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад их байсан нь зах зээлд оролцогчдыг эргээд найдвартай валютуудруу ороход хүргэсэн. Ам.долларын ханш еврогийн эсрэг 1,2723-т хүрсэн бол иений ханш долларын эсрэг 0,5%-р мөн буурч 90,90 түвшинд арилжаалагдсан. Олны анхаарлын төвд байсан нэг валют нь Английн фунт байсан ба долларын эсрэг ханш нь 1,4254 болж хаалтын ханш нь тавигдсан нь өмнөх өдрийнхөөсөө нэг орчим хувиар унасан. Шинжээчдийн үзэж байгаагаар Английн төв банк ирэх хуралдаанаараа бодлогын хүүгээ бууруулах болно гэсэн байдал энэ өдрийн хөдөлгөөнд нөлөөлсөн. Мөн бусад валютууд тэр дундаа Австрали долларын ханш 0,6520 болж 0,5%-р буурсан.
Баасан гарагт ам.долларын ханш иенээс бусад валютуудын эсрэг унасан нь G7-ын сангийн сайд нарын уулзалтаар шинэ зүйл яригдаагүйтэй холбоотой хөрөнгө оруулагчид эрсдэл авах болсонтой холбоотой байлаа. Долларын ханш иений эсрэг 1,2%-р өсөж 91,93-т хүрч арилжаалагдсан бол евро мөн адил иений эсрэг чангарч 118,49-т хүрсэн. Английн фунтын ханш энэ өдөр ихээхэн хөдөлгөөнтэй байсан ба 1,4603-т хүрч арилжаалагдсан. Энэ нь хөрөнгө оруулагчид фунтыг их хэмжээгээр зарсан байсантай холбоотой эргээд ашгаа авч эхэллээ гэж эх сурвалжууд мэдээлж байлаа. Мөн G7-ын уулзалтаар фунтын ханш еврогийн эсрэг ихээхэн суларсан талаар яригдаж болзошгүй гэсэн нь хөрөнгө оруулагчдыг эргээд фунтруу оруулах алхам болсон.

Алтны зах зээл

Долоо хоногийн ажлын өдөр эхлээд Азийн зах дээр алтны ханш өнгөрөгч баасан гарагийн Нью-Йоркийн хаалтын ханшнаас 5.1 ам.доллар буюу 0.6 хувиар унаж 906.60 ам.доллар болсон нь хөрөнгө оруулагчид Б.Обамагийн засаг захиргаанаас боловсруулаад буй аврах төлөвлөгөөг эцэслэн батлахыг хүлээж байсан нь алтны ханш унахад нөлөөлсөн байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын алтыг худалдан авсан нийт гэрээ бөгөөд хэлцэл 02-р сарын 03-ны байдлаар 155,306.00 болж өссөн нь  энэ хугацаанд ихэнхи хөрөнгө оруулагчид алтны ханшийг өснө гэдэгт итгэлтэй байсан гэхэд болно. Дашрамд дурьдахад дэлхий даяар тэр дундаа АНУ-ын эдийн засаг санхүүгийн системийн өсөлтийг хэмждэг бүх индексүүд сүүлийн 20 жилийн хамгийн доод төвшинд хүрчээд байгаа юм. Шинжээчид хэрэв алтны ханш 930.00 ам.долларыг сэтэлбэл 1,000.00 ам.доллар хүрч болзошгүй гэж дүгнэлт бичиж байх зуур алтын ханш АНУ-ын зах дээр үргэлжлэн унаж 894.00 орчим ам.доллар болсон байна. Уналтын гол шалтгаан хөрөнгө оруулагчид алтыг ихээхэн зарж ашигаа олсонтой холбоотой. Мөн дэлхийн томоохон үнэ металл боловсруулагч компани болох Johnson Matthey 2009 онд цагаан алтны эрэлт даруй 5.00 хувиар буурна хэмээн мэдэгдсэн нь алтны ханшинд багагүй дарамт боллоо.
Мягмар гараг бол ерөнхийдөө тухайн долоо хоногийн зах зээлийн чиглэлийг өгдөг өдөр юм. Энэ өдрийн хувьд мөн л хөрөнгө оруулагчид Б.Обамагийн засаг захиргаанаас боловсруулсан аврах төлөвлөгөөг сенатын гишүүд хэрхэгийн харзнасан байдалтай арилжаа хийж байлаа. Хэрвээ энэхүү аврах төлөвлгөө эдийн засагт зөв тусгалаа олж чадвал хөрөнгө оруулагчид алтыг зарж эхэлнэ гэж нэгэн дилер дурьдсан байна. Мэдээж зарим шинжээчид дээрх таамаглалын эсрэг байр суурьтай байгаа юм. Алтны ханш мягмар гарагийн Улаанбаатар 15 цаг 13 мииутанд 894.10 ам.доллар байлаа. Шинжээчид АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн аврах төлөвлөгөө эдийн засагтаа тусгалаа хэрхэн олох вэ гэдгээс гадна АНУ-ын засаг захиргаа дараа нь энэхүү хөрөнгийг хэрхэн яаж ямар эх үүсвэрээс бүрдүүлэх гэдэг вэ асуудлыг ярьж байлаа. Өөрөөр хэлбэл АНУ-ын засгийн газрын өр маш их болохоор байгаа юм. Сүүлийн үед алтны ханш өсөж буурахад ихээхэн нөлөөлдөг актив болох түүхий нефтийн ханш харьцангуй тогтвортой 40.00 орчим ам.доллар дээр арилжаалагдаж байлаа. Судалгаанаас харахад жил бүрийн 1, 2-р сар ялангуяа 2-р сар  хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай бус буюу алдагдал ихээхэн хүлээдэг байна. Мягмар гарагийн нааштай мэдээнээс дурьдах Их Британий жижиглэн худалдаа 1-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувиар өссөн нь 2008 оны 5-р сараас хойших анхны өсөлт байсан байна. Долоо хоногийн эхнээс бага зэрэг уналттай байсан алтны ханш мягмар гарагийн АНУ-ын зах дээр 914.60 ам.доллар хүртэл өссөн нь алтыг худалдан авах хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн байна. Мөн АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга T.Geithner АНУ-н засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд зарцуулж буй санхүүжилт 2 триллион ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй байна гэсэн нь алтны ханш өсөхөд түлхэц болсон байна.
Сүүлийн 2 долоо хоногийн дотор  мягмар гарагт нэг өдөрт хамгийн өндөр өсөлтийг хийсэн алтны ханш лхагва гарагийн Азийн зах дээр 910.45 ам.доллар болж бага зэрэг унасан байна. Хэдий тийм боловч алтны ханшийг цаашид өснө гэж таамагласаар байлаа. Австрали улсын Common wealth банкны шинжээч David Moore алтны ханш удахгүй 1,000.00 ам.долларын босгыг давна хэмээсэн байна. Түүнчлэн зарим нэг талаар улс орнууд өөрсдийн төлбөрийн чадварыг хангахын тулд алтаа зарах нь дамжиггүй ба энэ тохиолдолд алтны ханш бага ззрэг унаж болох юм хэмээн David Moore хэлсэн байна. Азийн зах дээрх ханшийн уналт удаан үргэлжилгүй Европын зах дээр 953.30 ам.доллар хүрч 2008 оны 7-р сараас хойш хамгийн өндөр ханш дээр очсон нь хөрөнгө оруулалтын эрэлт байсан байна. Яг энэ мөчид шинжээчид алтны ханш ойрын хугацаанд 930.00-950.00 ам.долларын хооронд байна гэж тэмдэглэж байлаа. Энэ өдөр АНУ-ын сенатын тэнхим Б.Обама ба түүний хамтран зүтгэгдчын боловсруулсан аврах төлөвлөгөөг эцсийн байдлаар 789.00 тэрбум ам.доллароор баталсан байна. Төлөвлөгөөний анхны хубилбар нь 838.00 тэрбум ам.доллар байсан юм.
Пүрэв гарагт Азийн зах дээр алтны ханшинд хөдөлгөөн гараагүй гэхэд болох ба лхагва гарагийн Нью-Йоркийн хаалтын ханшнаас 0.2 хувиар өсч 940.40 ам.доллар болсон байна. Харин алтны ханш фунтын эсрэг 666.04 болж бүх цаг үеийн оргил ханш дээр очсон байна. Түүхээс харахад ам.доллар, алт хэмээх хоёр активын хоорондын хамаарал хүчтэй байдаг ба одоогоор энэхүү корреляциа алдчаад байгаа юм. Энэ нь ч батлагдаж АНУ-ын зах дээр ам.долларын ханш бусад валютуудн эсрэг унасныг үл харгалзан алтны ханш 949.85 ам.доллар болсон байна. Сүүлийн 6 сар дараалж буурсан үзүүлэлттэй байсан АНУ-н жижиглэн худалдаа 1-р сард 1 орчим хувиар өссөн нь анхаарал татсан мэдээ байлаа. Өсөлтийн дийлэнхи хувийг хоол хүнс, хувцасны борлуулалт эзэлсэн байна. Дээрх мэдээний дараа унаж байсан S&P 500 индекс 0.2 хувиар өссөн бол АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 2.77 хувь болсон байна. Мөн эдийн засгийн идэвхжлийг илтгэдэг АНУ-ын Businesses inventories  1.3 хувиар унасан бол түүний борлуулалт 3.2 хувиар 12-р сард тус тус буурсан байна. Өнгөрсөн 1-р сард өргөн хэрэлээний бараа бүтээгдэхүүн болох хоол хүнс, хувцасны борлуулт бага зэрэг өссөн бол автомашины борлуулалт өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ өдөр БНХАУ-ын төрийн өмчит Chinalco групп Rio Tinto-н  нийт активынх нь 9 орчим хувьтай тэнцэх хөрөнгө буюу 12.3 тэрбум ам.доллароор хувьцааных нь 50 хүртэл хувийг худалдан авсан байна.

Дэлхийд ДНБ-ээрээ эхний гуравт багтдаг улсуудын цорын ганц улсын эдийн засаг өсөлттэй байгаа нь БНХАУ билээ. БНХАУ өнгөрсөн оны 11-р сард эдийн засаг тэр дундаа дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байрыг хадгалахад зориулж 585 тэрбум ам.долларыг зарцуулах тухайгаа мэдэгдэж байсан юм. Энэхүү төлөвлөгөө эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байна хэмжээн шинжээчид онцлон тэмдэглэж байна. Шинжээчид БНХАУ-ын энэ оны ДНБ-н өсөлтийг банк санхүүгийн байгууллагууд доорх байдлаар хүлээж байна.

Дашрамд дурьдахад БНХАУ-ын ДНБ 2007 онд 13 хувь өсч байсан бол 2008 онд 9 хувиар өссөн байна. Баасан гарагийн Азийн зах дээр алтны ханш бага зэрэг унасан нь ам.доллар болон хөрөнгийн биржийн индексүүдийн өсөлттэй холбогдсон байна. Лхагва гарагт алтны ханш 953.30 ам.доллар болж 2008 оны 07-р сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрсэн юм. Цаашлаад АНУ-ын зах дээр алтны ханш унасаар 937.80 ам.долларт хүрсэн байна.

Зэсийн зах зээл

Өмнөх долоо хоногт 12%-аар өсөөд байсан зэсийн үнэ даваа гарагт дахин бага зэрэг өсч сүүлийн 2 сарын хамгийн өндөр үнэ буюу $3669/тонн-д хүрлээ. Шинжээчид зэсийн үнийн энэхүү өсөлтийг Хятад улсын зэсийн худалдан авалт болон АНУ-ын эдийн засгийг сэргээх төлөвлөгөө батлагдахад ойрхон болсон зэрэг шалтгаануудтай холбон үзэж байлаа. Үүнтэй холбоотойгоор “Standard Bank”-аас энэ оны зэсийн дундаж үнэ $4200/тонн орчимд байна гэсэн таамаглал ч гаргаад байсан. Дэлхийн хамгийн том зэс хэрэглэгч Хятад улсын эдийн засгаа сэргээх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бусад улсуудтай харьцуулахад амжилттай болж барилга болон дэд бүтцийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа тухай мэдээлэл байгаа. Гэвч АНУ, Европын холбоо, Япон зэрэг томоохон эдийн засгийн төвүүдийн талаарх таагүй мэдээллүүд гарсаар байсан. Герман улсын 12-р сарын экспортын хэмжээ огцом буурч сүүлийн 16 жилийн доод түвшинд очсон бол Францын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.6%-ын бууралттай гарахаар байна. Мөн Лондонгийн металлын биржийн зэсийн нөөц өссөр байгаа бөгөөд шинжээчид нөөцийн энэхүү өсөлт нь эдийн засаг унасааар байгааг баталж байна гэжээ.
Мягмар гарагт зах зээлд оролцогчдын анхаарал АНУ-ын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд хандаад байсан ч уг төсөл батлагдалгүй дахин хойшилсон нь зэсийн үнэ 2%-аар унахад нөлөөлсөн. Мөн тус улсын Сангийн нарийн бичгийн дарга Timothy Geithner уг төлөвлөгөө батлагдсан ч эдийн засгийг сэргээхэд хангалтгүй бөгөөд банк санхүүгийн хямралыг бүрэн зогсооход дахин 1.5 трилион ам.доллар хэрэгтэй гэсэн байна. Тэрээр санхүүгийн байгууллагуудын чанаргүй активуудыг дахин санхүүжүүлэхэд 500 тэрбум ам.доллар, шинээр зээлжүүлэлт хийхэд 1 трилион ам.доллар хэрэгтэй гэж үзэн төлөвлөгөө боловсруулсан байна. Харин зах зээлд оролцогчид төлөвлөгөө батлагдсанаар барилга болон дэд бүтэц зэрэг зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх салбарууд эрчимжинэ хэмээн найдаж байсан юм.
Өнгөрсөн 12-р сард Хятад улсын зэсийн импорт сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тухай мэдээлэл гарч  1-р сард зэсийн үнэ өсөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан. Харин лхагва гарагт тус улсын 1-р сарын зэсийн импортын мэдээ өмнөх сараас 18.8%-аар буурч гарсан нь зэсийн үнэ үргэлжлэн унах гол шалтгаан болсон. Гэвч ихэнх хүмүүс энэ бууралтыг 1-р сард Хятадын цагаан сар болж тус улс бүтэн долоо хоног амарсантай холбон үзэж байсан.
Пүрэв гарагт АНУ-ын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг батлах талаар конгрессийн 2 танхим тохиролцоонд хүрч 789 тэрбум ам.долларын төлөвлөгөө батлагдахаар болсон нь энэ өдрийн гол мэдээлэл байсан. Энэхүү төлөвлөгөөний 36% буюу 282 тэрбум ам.доллар нь татварын хөнгөлөлт хэлбэрээр хэрэгжих бол үлдсэн 507 тэрбум нь цэвэр хөрөнгө оруулалтанд тэр дундаа ажлын байрыг ихээр бий болгодог барилга, дэд бүтцийн салбарт зориулагдахаар болсон нь зэсийн эрэлт нэмэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн алдагдалд ороод байгаа дэлхийн топ уул уурхайн компаниудын нэг  “Rio Tinto”-д Хятадын төрийн өмчит  Chinalco групп 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа мэдээлсэн. Энэхүү мэдэгдэл нь өмнөх өдрүүдэд гараад байсан импортын бууралттай холбоотой тус улсын талаарх таагүй ойлголтыг няцаасан.
Даваа гарагаас эхлэн үргэлжилсэн зэсийн үнийн бууралт баасан гарагт зогсож өсөх хандлагатай болсон нь өмнөх өдөр гарсан эерэг мэдээллүүдтэй холбоотой байлаа. Зах зээлд оролцогчид АНУ-ын эдийн засгийг сэргээх төлөвлөөнд барилгын салбарыг дэмжих тухай нилээд тод сууж өгсөн тул зэсийн хэрэглээ нэмэгдүүлнэ гэж үзэж байсан. Харин зарим шинжээчид энэхүү төлөвлөгөөний үр дүн энэ оны 3-р улирлаас нааш гарахгүй тул ойрын хугацаанд зэсийн үнэнд дорвитой өөрчлөлт гарахгүй гэж үзжээ. Ямартай ч энэ долоо хоногийн нийт дүнгээр зэсийн үнэ 5%-аар буурсан байна.

Шинэ мэдээ

One Response to “Австрали, Шинэ Зеланд доллар-өгөөж илүүтэй валютууд”

  1. Mike said

    First blog I read after wakeup from sleep today!

    ________________________
    Proven! How to cure Acne Naturally.Email to mike.wilson80@ymail.com for more information.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: